Saturday, January 30, 2016

Зан заншлын сэргэлт ба уламжлалт соёлоо уг язгуураар нь сэргээх хүсэл тэмүүлэл.

Нийтлэлч О. Мөнхжаргал
1980 - аад оны дунд үеэс, ялангуяа 90 -ээд оноос өөрчлөн байгуулалт, ардчилалын буянаар  Монгол ёс заншлын сэргэлт  эхлэж  , ялангуяа хаагдмал байсан  цагаан сарын баярыг уламжлалаа даган бүх нийтээр тэмдэглэх болсон.
20 гаруй жилийн дараах өндөрлөгөөс эргэн харахад тухайн үед ёс заншил сэргэхдээ Манжийн дарлал, шарын шашнаар дамжиж орж ирсэн ёс заншлууд, тэр дундаа цагаан сарын ёс нэгэнт хаагдмал байсан цагийн балгаар ёс заншлын нарийн учрыг мэдэх хүн байгаагүй тул тогтсон ёс л бол ёс, заншил бол заншил тул  ямар ч шүүлтүүргүйгээр сэргэж.
Цагаан сарыг хорьсон цаг нь ч тусгаар улс болоод хэдхэн  арван жил улирсан цаг тул Манжаас ,Түвдээс уламжилсан зүйлээсээ төдийлөн салаагүй үе ч байсан  байж таараад байгаа юм.
Сүүлийн 30 - аад жилийн түүхээр харахад л ёс заншлын сэргэлт  язгуурын төрхөө олтол ихээхэн цаг хугацааг зарцуулдаг нь харагдана.
Манжийн үе нэгэнт харийн дарлалын үе байсан тул Монгол ёс заншил их гуйвж, шашнаар дамжин янз бүрийн зүйл нэмэгдэж орж ирдэг юм байна.
Манай ёс заншлыг баяжуулан, улам утга төгөлдөр болгосон нь ч буй, цаагуураа нарийн бодлого шингээсэн нь ч байгаа.
Тусгаар улс биш хойно яая гэхэв.
Ардчилал, зах зээл, хойш урагш чиглэсэн арилжаа наймаагаа дагаад сэргэхдээ гуйвсан нь ч байдаг байна.
Бүгдээрээ шахуу мэдлэг муутай шинэ цагийг дагаж сүрхий хүн болох гэж элдэв ёс зохион олныг итгүүлсэн нь ч байж л байсан.
Ялангуяа  зах зээлийн нийгмээ дагаад баярхал буюу хэт элбэг дэлбэг байх гуйвалт их орлоо.
Ёс заншил овоо сэргэж байснаа зах зээл, орчин цагаа дагаад, бас ч даяарчлалын тархи угаалт зэргээс болж, өв соёлдоо дургүйцэх, харийг шүтэн дагах, гадаад баярт илүү дурлах, өв соёлоо тээршаах, хажиглах нэг үе шатыг дамждаг юм байна.
Өв соёл ярьсан нэгнээ эвэртэй туулай үзсэн юм шиг шоолох, глобальчлал, даяарчлал ярьсан нэгнийг тахин шүтэх зэргээр.
Үүнээ дагаад цагаан сардаа  дургүйцэх хандлага нэг хэсэг буй болсон.
Бидний хэт баярхлын гуйвалт сүүлийн жилүүдэд эрчимжсэн нь  үүнд нэн ялангуяа их нөлөөлсөн. Ёс заншлаа дээдэлдэг миний бие энэхүү  хэсэг үед " За ингээд бүх юм өнгөрөх тийшээ боллоо " гэж сэтгэлээр унаж байснаа нуугаад яахав.
Тэгээд нэг хэсэг явтал харийн юманд хэт автах, үндэстний өв соёлоо ад үзэх нь буруу болох нь мэдэгдээд, гадны бодлогын горыг амсаад, харьжаад  ирэхээрээ өөрийн үндэстнээ хамгаалах учиртайг ухаарч, эргээд өв соёлдоо хандаж эхлэдэг юм байна.
Гэхдээ бас л урсгалаараа сэргэнэ.
Ийн явсаар үндэстний мэдрэмж дээшилж, Монгол хүн Монгол хүн Монголоор байх ёстой гэсэн ухамсар сэргэх, Монгол нутагт харийнхан даврах, гадаад дотоод яваад юм үзээд ирэхээр адилхан юм харахаар Монголоо улам таних хүсэлтэй болох, дээр нь түүх соёлоо шинэ цагаа дагаад уншсан залуус олшроод ирэх зэрэг олон хүчин зүйлээр тэр нь тэндээс дамжиж ирсэн юм байна, тэр нь язгуурын  ёс юм байна гэдгийг таниад ирэхээрээ яг уг язгуураар нь сэргээх, түүнээ бусдад таниулах, мэдрүүлэх гэсэн залуу үе бөөнөөрөө төлөвшиж эхлдэг юм байна.
Цагаан сарыг дорнын бусад ард түмэнтэй адил тэмдэглэхгүй, яг уг язгуурын ёсоороо сэргээх учиртайг ухамсарласны үндсэн дээр энэ нь бүрэлдэж буй хэрэг л дээ.
Жишээ нь гэхэд л " Суурь еэвэн " гэж ул боовынхоо дор тавьж байсан ёс ерээд оноос эсрэгээрээ болж алдагджээ. Идээн дээр тавихаа болъёо ч гэдэг юм уу?
Эсхүл угаасаа Монголчуудын ноёрхлыг унагасны баярын идээ юм байна. Еэвэнгээс татгалзая ч гэдэг юм уу?
Ул боов ч манайх биш. Монгол уламжлалаараа цагаан идээгээ тавъяа ч гэдэг юм уу?
Харийн соёлын эд эсээс татгалзах яриа хөөрөө  эрчимтэй  өрнөж эхлдэг  юм байна.
Үүнээс гадна соён гэгээрүүлэгчид хувь нэмрээ зохих хэмжээгээр оруулбал залуус ойлгож ухаардаг болох нь, тэгтлээ харийн баярт автаагүй нь  анзаарагдлаа.
Мөн энэ бүхэнд их хувь нэмэр оруулж байгаа цахим ертөнцөд баярлаад баршгүй.
Баярынхаа билэг бэлгэдлийг ойлгоод ирэхээрээ хэтэрхий цамаархах нь зохисгүйг ойлгож бас эхлэдэг юм байна.  
Энэ удаад хот хөдөөгүй өргөн дэлгэр ёслодог ёс тул цагаан сараар жишээ болгож буйг эрхэм уншигчид ойлгоно биз.
Судлаач хүний ажиглалтаар сүүийн хорь гаруй жилийн ёс заншлын сэргэлтийг дүгнэхэд иймэрхүү үе шатууд туулсан болох нь анзаарагдаад байна  л даа.
Цааш цаашдаа Монгол ёс минь, тэр дундаа цагаан сарын баяр минь улам улмаар язгуурын ёсоо сэргээх тийшээгээ явах байх.
         
                                                      2016. 1. 31.


No comments:

Post a Comment