Friday, October 6, 2017

Бид харийн ёс заншилд автах тусам тэр хэрээрээ өндөр төлбөр төлж байна.

/ Гэрлэх ёслолын ордны   болон хуримыг далимдуулсан ил, далд даварсан бизнесын жишээгээр /.
Гэрлэх ёслолын  ордны болон хурим далимдуулсан арилжаа наймааны үнэ ханш, ил далд бизнес арай хэтэрхий байгаа бөгөөд жирийн ард иргэдэд тун ч зүдэргээтэй , бараг хүртээлгүй шахуу байгааг хүн бүр мэдэж байгаа.
Бүсгүйн даашинзнаас өгсүүлээд үнэ хөлс нь ядуу Bонголд арай л дэндүү.
Сар гаруйхны өмнө " Үндэстний шуудан " сонин үүнийг " Хуримын бизнеv ид цэцэглэж байна " гарчгийн дор өөгшүүлэх маягтай бичсэн  нь энэ талаар бичих гэж бодож байсан миний бодлыг улам бүр асаасан ч завдал болохгүй байсаар билэгт сайн өдрийн босгон дээр заавал амжуулъяа хэмээн яаран яаран үүнийг би бичиж байна.
Бас ч тус сонинд  хуримын үйлчилгээнүүдийн үнэ хөлснүүд нь бичигдсэн нь үүнийг бичих сайхан эх сурвалж болж өгсөн юм. 
Гэхдээ би энэ удаад бидний соёлын дархлаагаа хамгаалах, маргааш болох 3 Намрын дунд сарын арван долоон " - ы билэгт өдөр зэргийг тохиолдуулан зөвхөн Монгол ёс заншил алдарч, тэр хэрээрээ дэмий үнэ хөлс төлж байгаа талаар нь бичихээр шийдлээ.
Нэн тэргүүнд  бэрийн талын " Хуримын гэрчүүд " хэмээх ижил өнгийн , эртний Грекийн язгууртан хүүхнүүдийн гэмээр загварын даашинз өмссөн хүүхнүүд ер нь ямар учиртай юм бэ?
Хуримлаж буй хоёрын бэргэд л хоёр талд нь хөтлөн " Гэрч  " болон оролцсоор ирсэн дэг.
Талбай дээр билигт өдрүүдэд тасралтгүй цувах хуримуудыг харахад нэг хурим нь 5, 6 7, 8 ягаан өнгийн, дараачийн хурим нь хөх, түүний дараачийн шар гээд өөр өөр өнгөөр сөөлжилж явах юм.
Христийн шашны билэгдэл давхар яваад байх шиг.
Хүргэний гэрчүүд гэж ижилхэн хар өнгийн хослол, цагаан цамц, зангиа бүхий бас  л дээрхи тооны залуус явна.
Дээр дурьдсан сонинд бичсэнээр  дээрхи ижил даашинзнууд 70 - 100 мянгын хооронд , түрээсэлбэл 20 - 35 мянгын хооронд гэнэ.   
Зарах болон түрээсийн доод ханшаар нь бодоход 8 эмэгтэйд 560, 160 мянгыг зарцуулах нь байна шүү дээ.
Монгол ёс заншилд огт байгаагүй юмыг оруулж ирж буйн гай энэ.
Эрэгтэй ёслолын үнэ ханшийг тус сонинд бичээгүй байсан ч хүргэний тал бүх зардлыг нь гаргаж буй нь тордорхой.
Дээр нь Соната түрээслэхэд 85000 төгрөг бол Лимузин хөлслөхөд " Ээ бүү үзэгд " 650 америк доллар гэнэ. Эдгээрийг хуримын ордон бус компаниуд түрээсэлдэг гэнэ.
Тэгэхдээ л " Гэрлэх ёслолын ордон "  - той нэг сүлжээ л байгаа шүү дээ.
Дээр нь хучин хуримлагч хоёрын машин л эр эм хоёр хүүхэлдэж, түүнийгээ тогтоох гэж машины хамраа гоёсон туузтай байсан бол өнөөдөр цуваа бараг тэр чигээрээ гоёх болсон бөгөөд дээрхи сонинд бичсэнээр цувааны 4 машин чимэглүүлэхэд 100 мянгыг  төлдөг юм байна.
Монгол Монголоосоо холдох тусам элдэв дэмий зүйлд мөнгө зарцуулсаар л байгаа биз.
Мэдээж " Цэцгэн хаалга ", " Аз жаргалын " хэмээх  шиддэг ганц цэцэгт ч бас л бөөн  зардал гарч буй нь тодорхой.
Сүүлийн үеийн манай кинонцрууд  ч бас энэ завхралыг  их өөгшүүлэх юм.
Кино нэрт марзан юмнуудаас болж, баахан хундага давхарлаж , сүү, дарс зэргийг гоожуулан баярхацгаах болж.
Энэ удаад харийн соёлоос улбаатайг нь л бичиж буй болохоос бус орчин цагийн үнэ ханш, тансаглал , арай л хэтэрч байгаа шүү.
Бөөн зардал, ёслол болчихоод эцэст нь салж буй нь харамсалтай. Салах л байсан юм бол бөөн зардал, бөөн ёслолын хэрэг юун.
Монголоороо хийвэл утга билэгдлийг нь сайн ойлгоцгоогоод салж сарних нь ч бага байх юм бил үү?
Хуртим угаасаа , хэзээнээс зардал  бага байж ирээгүй ч Монголоороо байвал илүү дутуу мөнгө зарах юм нь бага  тусах юм биш үү?
Монголоороо гэдэг нь машин тэрэггүй, морьтой, морин тэрэгтэй явцгаа гэсэн үг гэж Та бүхэн ойлгож болохгүй.
Монгол сэтгэхүйгээр гэсэн үг юм.
Эцэст нь тэмдэглэхэд хуримын хэт өндөр зардлаас болж,  залуу хосууд бараг хуримлахгүй, голдуу л айл гэр болж, төвхнөж, хөрөнгө чинээтэй болсон хойноо ёслож байна.
Өнөө цагийн хурим нийгмийн тулгамдсан асуудал болж.
Монгол ёс биш гэдгийг нь мэдсээр байж, Монгол бус юмнуудыг өөгшүүлж, зөвхөн мөнгө, ашгаа бодож буй нь, харин ч ёс заншлыг хадгалж, уламжлуулж  сургах ёстой " Гэрлэх ёслолын ордон "  ийн ажиллаж буй нь даан ч тоогүй.
Ордны хашааны баруун урд үзүүрт орших " Монгол зан үйлийн өргөө " ажилладаг юм уу даа. Бараг л.
Энэ янзаараа Гэрлэх ёслолын ордон их ашиг олоод байвал оргуулж босгуулдаг цаг эргээд ирэх байх шүү.
Социализмын үед амьхандаа гэр бүл, найз нөхдийн хүрээнд даруухаан хийчихдэг байсныг өнөөгийн энэхүү аймшигтай үнэ хөлс зарцуулж буй байдлаар бол бараг л зөвтгөх хэмжээнд хүрч байна.
Би энд мөнгө талаас нь бичсэн болохоос гадны ёс заншилд хэт автах нь, тэр дундаа ийм зан үйлийн чанартай зүйлд тэр нь ихээр орж ирэх нь ирээдүйн залуучуудын Монгол сэтгэлгээг эвдэж буй хэрэг шүү дээ.
Тэр даашинзтангууд учраа ч олсон юм байхгүй, хий хөөрцөглөөд л байдаг. Хөөрцөглөж буй бол түүнийг учрыг олчихоод хөөрцөглөх хэрэтэй.
Цэцгэн хаалга, ижил даашинзтангууд болон хослолтонгууд, шиддэг цэцэг, цувааны чимэглэл энэ бүхэн бидний соёлын дархлаа, хойч үеийн минь сэтгэхүйг бүрмөсөн идэх байх шүү.
Хурим хийж буй Монгол хосууд  Европ хувцсаар гангарах хэрнээ харийн хүргэн, бэр болж буй хүмүүс хостойгоо хамт Монгол хувцсаар гангардаг хачин жигтэй цаг ирж.
Монголоо сурталчилж байна гэж үүнийгээ боддог юм байх даа.
Харин ч өөрсдөө Монголоороо гангарч хуримлавал жинхэнэ сурталчилгаа болно доо.
Эцэст нь энэхүү их төлбөр оршин тогтнолын үнэ цэнэтэй болохыг ч үгйүсгэх аргагүй шүү.